Saturday, March 23, 2013

Хөгжмийн зохиолч Б.Мөнхболд тоглолтоо хийнэ



Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын уран бүтээлийн тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 22-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна. “Галдан бошгот” нэртэй түүний симфони, кино концерт нь хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт “Галдан бошгот” симфони, кино концерт, хоёрдугаар хэсэгт төрийн шагнал авсан бүтээлүүд нь эгшиглэх гэнэ.
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд нь 1974 онд Хөгжим бүжгийн дунд сургууль, 1986-1992 онд хуучин ЗХУ-ын Армяны нийслэл Еревен хотын Комитасын нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг төгсчээ.  Тэрбээр 2000 онд АНУ-ын Сан Франциско хотод “Төгөлдөр хуур”-ын сонат, 2001 онд Герман улсын Дармштидт хотод “Симфонетта”, 2005 онд БНХАУ-д болсон Монголын соёлын өдрүүдээр Бээжин, Шанхай хотуудад “Ятгын концерт”, 2006 онд Улсын филармонийн Морин хуурын чуулгын захиалгаар “Дуут төвөргөөн”, 2007 онд Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит ардын хөгжмийн бүтээлийн улсын уралдаанд Морин хуурт зориулсан нэгдүгээр концерт, 2008 онд “Чулуун сан”-гаас зохион байгуулсан олон улсын хөгжмийн зохиолчдын уралдаанд төгөлдөр хуурт зориулсан “Уран сэтгэмж” зэрэг томоохон бүтээлүүдийг туурвьжээ. Түүний уран бүтээлийн анхны “Галдан бошгот” симфони, кино концертийн тасалбарын үнэ 30000 төгрөг байх гэнэ.

No comments:

Post a Comment