Saturday, March 23, 2013

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын шинэ өнгө



Төрийн соёрхолт, хөгжмийн зохиол Г.Бирваагийн хүү Төрийн соёрхолт Б.Мөнхболд аавынхаа шийрийг хатаасан хөгжмийн зохиолч билээ. Тэрээр “Галдан бошгот” хос цомгоо өлгийдөн авч худалдаанд гаргалаа.
“Алтан намар” хөгжмийн наадмын 2004, 2006, 2009 оны Гранпри шагналтай , “Гэгээн муза” наадмын шилдэг хөгжмийн зохиолч Б.Мөнхболд хамгийн сүүлд яруу найрагч Ц.Хулангийн “Лусын хааны охид”  хүүхдийн жүжгийн хөгжмийн зохиолыг бичсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм.

2009 онд Төрийн соёрхолт эрхэм хүндтэй шагналыг авсан тэрээр 2010 онд “Галдан Бошигт” симфони сюьитээр анхны уран бүтээлээ үзэгч түмэндээ толилуулж тоглолтоо хийж байсан юм. Өнөөдөр цомог болон мэндэлсэн уг бүтээл нь хоёр цомгоос бүрджээ. Эхний цомогт түүхэн үйл явдлыг хөгжмийн хэлээр эгшиглүүлж, зурагласан “Галдан бошгот” хэмээх симфонийн тухай өгүүлнэ. Энэ симфони өгүүлэмж нь дөрвөн  ангитай бөгөөд анги тус бүр нь тайлбартайгаар онцлогтой. Өөрөөр хэлбэл сонсогчдод болох гэж байгаа үйл явдлыг тайлбарлан өгүүлж байгаа нь тухайн хүнд өөртөө зураглал, дүрслэл, уран эгшиглэнг, бий болгож хөгжмийн ертөнцөөр аялахад ойр дөт зам байх болов уу гэж санана. Симфонийг зөвхөн мэргэжлийн болон тодорхой хүрээнийхэн ойлгодог гэж дүгнэдэг бол энэ бүтээлд тайлбарыг хийснээр нийгмийн ямар ч хүрээнийхэн сонсож, ойлгох боломжтой байх болов уу гэж энэ аргачлалыг сонгосон болно. Тус бүтээлийг улсын филармонийн симфони их найрал хөгжим тоглосон ба үүний сацуу үндэсний язгуур хөгжмийн зэмсэг болох морин хуур, цуур, мөн бид бүхний сайн мэдэх авиан болон хоолойн хөгжим болох хөөмий, бэсрэгхэн уртын дуу, жангарын тууль  чимэг болгон шигтгэснээр онцлогтой.

Хоёр дахь цомогт бол зохиолчын төрийн соёрхол хүртсэн бүтээлүүд болох ятга симфони найрал хөгжмийн концерт, морин хуур найрал хөгжмийн концерт, мөн нийслэлийн Улаанбаатар чуулгын таван жилийн ойд зориулсан “Хишигтэн” хэмээх бүтээлүүд багтжээ.


Түүнчлэн уг цомгийн  тайлбарыг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Отгонбат уншин Соёлын тэргүүний ажилтан, морин хуурч Д. Ишцог, лимбэч, цуурч Г.Нямжамцан, морин хуур чуулгын хуурч, хөөмийч А.Даваазориг, Э.Сандагжав, уртын дууч Э.Болормаа нар хамтран  ажиллажээ. Эгэл даруухан хэрнээ хөгжмийн ертөнцөд цахиур хагалж буй зохиолч Б.Мөнхболдын уран бүтээлийн шинэ цомгийн баяр энэ сарын 22-нд Хөгжим, бүжгмийн коллеж дээр болно. “Галдан бошгот” цомог “Hi Fi records” хөгжмийн сүлжээ дэлгүүрт 55 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.

No comments:

Post a Comment