Saturday, March 23, 2013

Б.Мөнхболд: Аав маань өвлийн хүйтэнд гүйж, уур савсуулаад зогсдогсон




Г.Бирваа 1936-1953 онд цэргийн албанд зүтгэж, үлээвэр хөгжимчнөөс Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаач, 1955 оноос Хүүхэлдэйн театр, Б.Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театрын хөгжмийн багш, 1957 оноос симфони найрал хөгжмийн удирдаач, 1965 оноос Улсын циркийн хөгжмийн удирдаач, 1967-1984 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр “Намрын шөнө”, “Гоёхон чимэг ч юм уу даа”, “Зандан шоо” зэрэг 200- гаад дууны уран бүтээл, “Нийслэл хүү”, “Хөдөөгийн баясгалан”, “Баянбулагийнхан”, “Улаан дарцаг”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тууврын замд” зэрэг 18 кино, “Эрдэнэ тээлийн уянга”, “Арван танхил, гурван хашир”, “Шинэ байшинд”, “Их хурим”, “Их говийн зоригтон”, “Амьдралын улаан шугам”, “Харц хатан” зэрэг 13 жүжиг, “Аргат бяцхан баатар”, “Ишиг хөөрхөн нэр”, “Цурхай загасны тушаалаар” зэрэг 18 хүүхдийн жүжгийн хөгжим, найрал хөгжимд зориулсан 150 гаруй найруулга, симфони чуулбар, дууль, марш, гоцлол аяз 30 шахмыг туурвисан юм.


1916 оны гал луу жилийн намар Сайн ноён хан аймгийн говийн хошуунд нэгэн хүү дуу хадаан мэндэлсэн нь хожмын Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бирваа байв. Тэрбээр нутаг усныхандаа өндөр Жадамба, Цэрэнпагма ахай хэмээгдсэн төлөв түвшин гэр бүлийн 15 дахь хүү. Говьд төрсөн хүү хангай нутгийн Гончиг хэмээх хүнээр овоглох болсон түүх сонин. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд гайхамшигт Гончиг, уран Дулам гэж үрийн зулай үнэрлэх хувьгүй хос байж. Гончиг “Гайхамшигт” хэмээх дууг гайхалтай сайхан дуулдаг байснаас нутгийнхан нь ийн авгайлдаг, харин түүний эхнэр Дулам ус голдоо нэртэй уран, ажилсаг бүсгүй байсан гэдэг. Гончигийнх ямар ч тохиолоор юм бэ, Жадамбынхаас хүүхэд үрчилж аваад тэр нь хүн болоогүй тул хамаг мал хөрөнгөө хүрээ хийдэд өргөж, буян үйлдээд, дахин тэднийхийг зорьжээ. Гончигийг очиход Жадамба эзгүй байсан тул Цэрэнпагмаас хормой, тосож гуйсаар нэг ой дөнгөж хүрч байсан бага хүүг нь хүчээр шахам авсан бололтой.
Үр хүүхэд төрүүлэх хувьгүй хөөрхий хосыг өрөвдсөн Цэрэнпагма ахай түүний гуйлтад дуртай байгаагүй ч эсэргүүцэж чадаагүй аж. Хүүг аваад явсны дараа гэнэт санаа нь эргэсэн ч юм уу, том болсон ах нар нь дүүгээ буцааж авах гэж араас нь морьтой нэхээд олон салаа замын алинаар нь явсныг мэдэлгүй буцаж ирсэн гэдэг. Гончиг төрсөн эцэг нь хүүгээ авахаар ирнэ гэж мэдээд замыг нь тосон угтуул тавьж. Бодсон ёсоор нь Жадамба ч ирж. Түүний ирж явааг угтуулуудаас сонссон Гончиг нутгийнхнаа гэртээ цуглуулаад хүлээж байв. Жадамбыг орж ирэхэд гэрт цугларсан хүмүүс “Хүүгээ үлдээж хайрла” хэмээн хормой дэвсэн гуйжээ. Тараг уугаад зогсож байсан хүүгээ Жадамба “Аавдаа ир” хэмээн дуудахад хүү өргөмөл ээж, эмээ хоёрынхоо араар орж нуугдсан гэдэг. Ингээд нутгийн олны гуйлт, хүүгийн өргөмөл аав, ээждээ ээнэгшиж дассан байдлыг хараад энэ гэр бүлд үрийн өглөг өгье гэж бодоо биз, “Энэ хүүхэд байх ёстой газраа ирсэн юм байлгүй. Алив архи аваад ир” гэсэн гэдэг. Ингэж Бирваа гайхамшигт Гончигийн ганц хүү болж, Эрдэнэцогтын хангайд өссөн ажээ. Тэрбээр 6-12 насандаа хийдэд шавилж, бурхны ном үзжээ. Удалгүй хар болж, аав ээждээ туслан мал маллажээ. Г.Бирваа 22 нас хүртлээ ээждээ араг үүрүүлж, савар бариулаагүй төдийгүй мал маллахын хажуугаар шатар, лимбэ урлаад борлуулчихдаг гарын уртай, аж ахуйч хүү байжээ.
1936 онд цэргийн албанд татагдаж, хөгжмийн салаанд алба хааснаас урлагтай холбогдох үүд нь нээгдсэн байна. Тэрбээр япончууд манай улс руу довтлоход Халх голын дайны бүрээ үлээсэн төдийг үй гурван удаагийн дайнд оролцож, эх орноо хамгаалсан дайчин юм. Монголын орчин үеийн хөгжмийн түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч дандаа магтаал, сайшаалд булагдаж байсангүй. Амьдралын эрээн бараан, тухайн үеийн нийгмийн сүүдэр түүнийг тойроогүй. Түүний бага хүү, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд аавынхаа албан ёсны намтар, танилцуулгад тэр бүр бичигддэггүй сонирхолтой дурсамж, түүхээс хуваалцлаа.
-Аав тань хүнийхээ хувьд ямар хүн байв?
-Хөгжмийн зохиолчдыг ерөнхийд нь цагаан гартнууд гэж хэлж болно шүү дээ. Харин аав маань хатуу хөтүү бүхнийг үзэж туулсан. Тийм ч учраас шаардлага өндөртэй, хатуу чанд хүн байсан. Цэргийн хүн, хөдөө өссөнийх ч юм уу, их эрт босно. Үүрийн дөрөв, таван цагт босоод гүйнэ. Биднийг бас гүйлгэнэ. Ээж “Хүүхдүүд хар үүрээр босгож яах нь вэ” гэхээр “Хүн энэ зэргийн юм үзэх ёстой” гэдэг байсан. Хүүхэд байхад нойроо ханатал унтаж чадаагүйдээ харамсаж, урваганаж байсан ч тэр дадал маань одоо хэрэг болж байна. Аавыг 50 настай байхад би төрсөн гэхээр намайг 7-8 дугаар ангид сурч байхад аав 65-66 настай байна биз дээ. Тийм настай хэрнээ өглөө бүр 05.00 цагт босож гүйнэ. Тэгээд нойтон алчуураар цээжээ арчина. Өвлийн хүйтэнд гадаа уур савсуулаад л зогсож байдагсан. Тэгж 20-30 минут гадаа зогсчихоод орж ирээд онгоцонд хүйтэн ус дүүргэж аваад цаг гаруй хэвтэнэ. Аавын биеийг барихад сул мах байхгүй, гар хальтирдаг байж билээ. 60 гарсан хүний бие тийм чанга байна гэдэг гайхалтай шүү. Их цэмцгэр, тэгсэн хэрнээ хүн ялгадаггүй тун энгийн хүн байсан. Байшингийн булан тохойд архи уугаад сууж байдаг ажилгүйчүүд 1970-1980-аад онд ч байсан шүү дээ. Манай байрны хавьд хэсэг тийм нөхөд байлаа. Тэд хааяа аавыг “Бирваа гуай зуу тат” гээд дуудна. Тэгэхэд аав цэрвэж сүйд болохгүй, өгснийг нь балгачихаад явчихдаг байсансан.
-Хөгжмийн зохиолч төдийгүй нийгмийн зүтгэлтэн байсан гэж дурсдаг юм билээ?
-Нийгмийн их идэвхтэй. Цэргийн байгууллагад 17 жил, Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд 17 жил ажилласан. Монголын хөгжмийн зохиолчдын холбоог маш сайн удирдсан хүн гэж үнэлдэг юм. 1984 онд тэтгэвэрт гарахдаа Хөгжмийн зохиолчдын холбоог 1.8 сая төгрөгийн хөрөнгөтэй хүлээлгэж өгсөн. Тухайн үеийн 1.8 сая гэдэг их мөнгө шүү дээ. Н.Жанцанноров, Ц.Нацагдорж, Б.Шарав, Х.Билэгжаргал, З.Хангал, Ч.Сангидорж, Ц.Чинзориг нарын олон хөгжмийн зохиолчийг ЗХУ руу сургуульд явуулсан. Монголын хөгжмийн урлагт сайн боловсон хүчин бэлтгэхэд туйлын их анхаарсан гавьяатай хүн. Бидний төлөө нүүрээ улалзуулж, хүнээс юм гуйж явсан нь ховор доо. Харин бусдын төлөө бол гуйгаад явдаг байсан. Тэтгэвэрт гарсныхаа дараа шүү дээ. 1990-ээд оны эхээр улс орны амьдрал хэцүүхэн болчихсон үед Хөгжмийн зохиолчдын холбооноос “Морин хуур” наадмыг ивээн тэтгэх хүн олж өгөөч гэж аав руу ярьсан байгаа юм. Тэгэхэд аав савхины үйлдвэрийн даргаас гурван савхин дээл гуйж авч өгсөн. Бидэнд савхин дээл олоод өгөөч гэвэл “Битгий дэмий юм ярь” гэнэ шүү дээ. Тийм л хүн. -Аав тань ес хоногийн зайтай хоёр удаа “Алтан гадас” одонгоор шагнуулж байсан гэдэг? -Аав 1950 оны тавдугаар сарын 6-нд Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар Офицеруудын сургуулийн ерөнхий удирдаач (одоогийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийг тэгж нэрлэдэг байжээ)-аар томилогдож, хоёр жил гаруй ажилласан юм. Аавыг ажиллаж байх үед үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид социалист есөн орны Төрийн дууллыг ноот харахгүйгээр тоглодог болсон гэдэг юм. Тэр үеийн Румыний Ерөнхийлөгч Монголд ирээд буцахдаа “Энэ цэргийн даргыг шагнаарай” гэж онцолж хэлснээр “Алтан гадас” одонгоор шагнуулсан юм билээ. Үүнээс ес хоногийн дараа 1936 оноос хойш 15 жил цэргийн албанд зүтгэхдээ алдаа эндэгдэл гаргаагүй гэж дахин “Алтан гадас”-аар шагнуулсан.
-Гавьяа шагналын хажуугаар ял зэм ч дуулж явсан гэдэг. Юунд буруутгагдсан юм бол?
-Хоёр удаа Төрийн одонгоор шагнуулахад нь атаархах хүн байсан шиг байгаа юм. Дотнын найзынхаа матаасаар Дотоод явдлын яаманд баригдсан гэдэг юм. Тухайн үедээ нэлээд дотно нөхөрлөж явсан хүн гэж бүдэг бадаг зүйл хэлсэн ч яг хэн гэдгийг нь аав бидэнд хэлээгүй. Найз нөхөдтэйгөө дарвиж, ам нь халаад “Коммунизм гэдэг чинь Америкт байдаг юм” гэж цуурсан шиг байгаа юм. Бас “Оросууд Монголын малыг хямдхан авч байна” гэж ярьж л дээ. Ингээд Зөвлөлт, Монголын найрамдалт харилцаанд сэв суулгах зүйл ярьсан, хөрөнгөтөн орныг сурталчилсан гэж долоон жил хоригдох ялаар шийтгүүлсэн юм билээ.
-Тэгээд долоон жил шоронд суусан уу?
-Өөр хүн бол суух л байсан байх. Аав их ажилсаг хүн болохоор нойр, хоолгүй ажиллан, ялынхаа хоногийг хасуулж, хоёр жил есөн сар шоронд суугаад суллагдсан. Аав төгөлдөр хуур сайн тоглодог байсан гэсэн. Шоронд орж, хүнд хүчир ажил хийгээд гар хуруу нь эвдэрч, төгөлдөр хуур тоглох чадвараа алдсандаа их харамсдаг байж билээ. Шоронд орохоосоо өмнө амьдрал зохиож байсан юм билээ. Тэгээд шоронд орохдоо нөгөө хүндээ “Амьдралаа бодоорой” гэж хэлсэн гэдэг юм. Долоон жилийн ял авсан хүн чинь аргагүй шүү дээ. Тэгээд 1958-1959 оны үед ээжтэй танилцсан гэдэг.
-Урлагийн мэргэжил эзэмшихэд аавын тань нөлөө их байсан биз?
-Би эхээс зургуулаа. Бидний тав нь урлагийн мэргэжилтэй. Мөнхдорж ах маань УДЭТын найруулагч, Мөнхцэцэг эгч, Мөнхшүр эгч, Мөнхбаяр ах маань хөгжимчин. Нэг эгч маань төгөлдөр хуурч болох гэсэн боловч хуруу нь богинодоод тэнцээгүй учраас өөр мэргэжил эзэмшсэн. Биднийг урлагийн мэргэжил эзэмшихэд аавын нөлөө их байсан. Ялангуяа намайг аав өөрөө дагуулж явсаар хөгжмийн мэргэжил рүү сонирхлыг минь хандуулсан. Хүүхэлдэйн театрын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн А.Чойсон гуай 1980 онд “Мөндөн, Цөндөн” гэдэг хүүхэлдэйн жүжиг хийж, аав хөгжмийг нь бичсэн юм. Тэр хүүхэлдэйн жүжгийн хөгжмийн жижигхэн хэсгийг надаар бичүүлсэн. Миний бичсэн ая хүүхэлдэйн жүжигт эгшиглэхэд урам орж, хөгжимд татагдаж эхэлсэн. Тэгэхэд би долоо билүү наймдугаар ангид байсан. Хөгжмийн зохиолч бол гэж шууд хэлээгүй ч сонирхлыг минь энэ зүг рүү бага багаар татаж байсан нь тэр. Тэгээд Ц.Нацагдорж багшид шавь оруулж, дараа нь хуучнаар ЗХУ-ын Армены нийслэл Ереван хотын Хөгжмийн дээд сургуульд явуулсан.
-Таныг гайгүй хөгжим бичжээ гэж анх магтсан нь хэзээ вэ?
-Би 1992 онд сургуулиа төгсөж ирсэн. Намайг ер нь магтаж байгаагүй, бичсэн зохиолуудыг маань тоохгүй дээ. 2004 онд үндэсний хөгжимд зориулж бичсэн “Морин хуурын концерт”, “Ятгын концерт”-ийг маань сонсоод “Одоо л хөгжмийн зохиолч болох нь дээ” гэж хэлсэн нь ааваас сонссон хамгийн анхны бөгөөд том магтаал.
-Та тэр бүтээлүүдээр Төрийн шагнал хүртсэн. Хүүгээ Төрийн шагнал авахыг аав минь үзсэн бол гэж харамсаж байв уу?
-Аавыг нас барснаас гуравхан жилийн хойно би Төрийн шагнал хүртсэн шүү дээ. Миний шагнал авахыг харсан бол баярлах байсан нь мэдээж, бас их өндөр шаардлага тавих байсан. “Арай л залуудаа авчихлаа” гэж хэлж чадах л хүн байгаа юм.
-Аавынхаа бүтээлээс алийг нь илүү үнэлдэг вэ?
-Оргил болсон бүтээл нь “Дамдинчойжилын дором” симфони сюит. Энэ бүтээл бол тэр чигтээ бурхны ая дан. Ламын гэгээний нутгийнхан өвлийн адаг сарын 29-нд ад зэтгэр, муу муухайг хөөх шашин, урлагийн зан үйл үйлддэг байсан юм билээ. Аав түүнийг нүдээр харж өссөний хувьд ой ухаанд үлдсэн дурсамжаа хөгжмийн хэлээр дүрсэлсэн байдаг юм. Насныхаа оргилд бичсэн болохоор ч тэгдэг юм уу, энэ хөгжмийг сонсохоор бурхад бүжиж байх шиг санагддаг юм. Хамгийн мундаг нь аав 83 настайдаа “Дамдинчойжилын дором”-оо бичиж, Төрийн шагнал хүртсэн юм шүү. Дууны уран бүтээлүүд нь бол хачин гоё доо. Тамгалчихсан юм шиг санагддаг. Цаг үеийн шалгуур давж, одоо хүртэл мартагдаагүйгээс сайн уран бүтээл гэдгийг харж болно. Ганц аавын бүтээл ч биш, 1960-1970-аад оны үеийн дуунууд цус нь ойртоогүй болохоор урт настай байдаг шиг санагддаг.

No comments:

Post a Comment